Музейн цагийн хуваарь: өдөр бүр 09.00 - 18.00 цаг

Ноён гэгээний нандинч, уламжлагч

ҮЕ ҮЕИЙН ХУТАГТУУДЫН УДАМ ДАМЖСАН ТАХИЛЧ НАР

Ноён хутагт Данзанравжааг нас барсны дараа түүний шавь Ш. Балчинчойжоо тахилч хэмээн өргөмжлөгдөж ноён хутагтын эд зүйлсийг хадгалж хамгаалах болжээ. Тэрээр энэхүү ажлаа хорь гаруй жилийн дараа өөрийн хүү Ган-Очирт хүлээлгэн өгчээ. Ган-Очир энэхүү үйлд багаасаа суралцаж албыг залгуулсаар 30-аад жилийн дараа өөрийн хүү Наръяадаа уламжлуулжээ. Наръяа нь хүү Онгойдоо, Онгой нь дүү Гомбодоо, Гомбо нь хүү Түдэвтээ уламжлуулсаар 1938 оныг хүрчээ. 1937-1938 оны гамшигт жил сүм хийдийг галдан шатааж бурхан тахилыг эвдэн сүйтгэх их нугалаа Д. Данзанравжаагийн байгуулж, шавилан сууж, амьдралынхаа алтан үеийг элээсэн Хамарын хийдийг тойроогүй юм. Тэр үед 25 настай залуу тахилч Түдэв галдан шатаагчдын хий зайг харж зориг гарган шөнө дөлөөр сүм дэх өвийн зүйлээс үүрэн зөөж, хөдөө ухаж бэлдсэн нүхэнд хийж булах, уул хадны агуйд нуух зэргээр 64 авдар зүйлийг авч үлдсэн ажээ. Хэдийгээр авч үлдсэн нь 1400 гаруй авдар зүйлийн өчүүхэн хэсэг боловч музейн үзмэр болж олны хүртээл болох хүртэл үзэл суртлын хатуу чанга дэглэмийн хараан дор 52 жил хээр хөдөө нууцлагдан хадгалагдаж иржээ.

Хэцүү бэрх цаг үеийн дарамт хүнд нөхцөлд өвийн зүйлсийг өгөршүүлж муутгалгүйгээр урт хугацаанд хадгалахын тулд тахилчид бүх амьдралаа зориулсан байдаг.

Эдүгээ музейн үзмэр болоод бүтээн цогцлоож асан сүм дуган, шүтээн, суварга зэрэг нь ноён хутагт Данзанравжаагийн үе үеийн тахилч хэмээгдэх олон хүний амьдрал, хөлс хүч, мэдлэг оюунаа зориулсан уйгагүй зүтгэлийн хүчээр бэрх хэцүү цаг үеийг туулан 200 гаруй жил хадгалагдаж байгаа Монголын түүх соёлын дурсгалын хосгүй үнэт цогц өв юм.

Эдүгээ долоо дахь үеийн тахилч З. Алтангэрэл ч мөн үе дамжсан тахилчийн тангараг өргөн Хутагтынхаа өвийг нандигнан хадгалах, дахин сэргээх, шинэ цагийн өнгө төрх дор цогцлоох ажлыг санаачлан зохион барьсаар яваа билээ.

© 1991-2015 ДАНЗАНРАВЖАА МУЗЕЙ.      360mongolia.com бүтээв.