Музейн цагийн хуваарь: өдөр бүр 09.00 - 18.00 цаг

Музейн танилцуулга

Ноён хутагт Лувсанданзанравжаа 1840-өөд оны үест өөрийн бүтээл хийж урласан зүйлс, эцэг эх, ойр дотныхоо холбогдолт болон ихэс дээдсүүдээс бэлэглэсэн хийгээд олноос өргөсөн бас нутаг орноос өөрөө цуглуулсан эд зүйлсээр өвөрмөц нэгэн үзмэрийн сүм байгуулсан. Гиваадинравжаалин хэмээн нэрлэж олон түмэнд дэлгэн үзүүлэх болжээ. Үүнийг хүмүүс "Дингам" буюу "Нандин" хэмээн нэрдэж ирсэн байна. Ноён гэгээнийг 1856 онд жанч халснаас хойш түүний занданшуулсан шарил хийгээд 1500 авдар бүхий олон зүйл шашин соёлын эд зүйлсийг энэ сүмд залж, Шарилын сүм гэгдэх болсон байна. Мөн энэ бүхнийг тусгайлан хадгалж хамгаалах зорилгоор нэгэн шавийг тохоон томилсон нь тахилч хэмээн нэрлэгдэх болжээ. Лувсанданзанравжаа гэгээнтэний шавь Ш. Балчинчойжоо /номын нэр нь Ишлодон/ 1856 онд их хутагтаа мөнхөлж, үйлсийг нь улмажлуулах тангараг өргөн энэ сүмийн анхны тахилч болжээ. Тэрээр энэ ажлаа насан турш хийсээр өөрийн хүү Ган- Очиртоо уламжлуулсан байна. Ган-Очир нь 33 жил тахилчийн үйлийг гүйцэлдүүлсээр хүү Наръяад, Наръяа нь хүү Гомбодоо, Гомбо нь хүү Түдэвтээ уламжлуулан хадгалуулсаар 1938 оныг хүрчээ.

1938 онд Өвөр баясгалант Хамарын хийдийг устгагдах үед залуу лам Г. Түдэв лацдан битүүмжилсэн сүмд шөнийн цагаар нэвтрэн орж нэг нэгээр нь зөөсөөр 64 авдар өв соёлын зүйлсийг хөдөө хээр гарган нууж амжсан байдаг.

Ийнхүү түүний амь өрсөн авч уул хаданд сэм хадгалсаар бидний үед уламжлуулсан өвийн зүйлс эдүгээ Данзанравжаагийн музей, Өвөр баясгалант Хамарын хийд зэрэгт дэлгэгдэн олны хүртээл болсон юм.

Ноён хутагт Лувсанданзанравжаа зөвхөн Өвөр баясгалант Хамарын хийдэд "Намтар дуулах дацан" хэмээх театр, номын сан, хүүхдийн дацан нэртэй урлагийн сургууль, "Гиваадин Равжаалин" нэртэй үзмэрийн сүм зэргийг байгуулснаас үзвэл ард олныг соён гэгээрүүлэхэд бүхий л үйл бүтээлээ зориулсаар ирсэн нь тодорхой байна. Эдгээрийг нотлох эд өлөг, бичиг баримтын зүйлсийг та бүхэн музейн танхимаас үзэж болно.

Тэрчлэн ноён хутагт "Хүүхдийн дацан" хэмээх сургуульдаа эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг эрдэм номд сургаж, үүндээ түшиглэн "Саран хөхөөний намтар" жүжгийнхээ хөрөгчин буюу жүжигчин, хэл хоолойн дохиоч буюу дуучин, ерөөлч магтаалч, хөл гарын дохиоч буюу бүжигчин, жасчин буюу аж ахуй, тайз засалч урлалч үйлч хэмээх мэргэшсэн уран бүтээлчдийг бэлтгэн гаргадаг байжээ.

Хүүхдийн дацанг төгсөгчдөд тусгай тэмдэг дарсан даавуу /гэрчилгээ/ олгодог байсан ба энэхүү сургуульд үздэг байсан сурах бичгүүд, зураг урлал, хэв дардас тэргүүтэн болон түүний холбогдолтой эд өлгийн зүйлс, гар бичмэлүүд эдүгээ тус музейд хадгалагдаж байна.

Ноён хутагт Данзанравжаагийн уран бүтээлйн өвийг тоймлон үзвэл 400 гаруй яруу найргийн бүтээл, 100 гаруй урт, богинын дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн 10 дэвтэр зохиол, шашны зан үйлийн бүтээлүүд Монгол, Түвд хэл дээр, мөн түүний зурсан олон арван зургууд байдгийн ихэнх нь тус музейд буй.

Тэгэхээр "Данзанравжаа" музей бол урьдын Өвөр баясгалант Хамарын хийдийн Гэгээтний нандин хэмээх "Үзмэрийн сүм" эдүгээ цагт сэргээн байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж буй хэрэг болно. Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Данзанравжаагийн музей дахин сэргээгдэж 1991 оны 7 сарын 10-нд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод албан ёсоор нээлтээ хийсэн юм. 2008 онд музейн шинэ барилга ашиглалтад орж Ноён хутагтынхаа өв соёлыг түмнээ хүргэсээр байна.

© 1991-2015 ДАНЗАНРАВЖАА МУЗЕЙ.      360mongolia.com бүтээв.