НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН

Амьдрал, зохиол бүтээлийн судалгаа


Д.Данзанравжаагийн амьдрал уран бүтээлийг Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, доктор Д.Цагаан, доктор Э.Оюун, доктор Д.Ёндон, академич Л.Хүрэлбаатар, Д.Цэрэнсодном, доктор Г.Лхагвасүхэн, доктор С.Хөвсгөл, ОХУ-ын эрдэмтэн А.И.Герасимович, Г.А.Уварова, ХБНГУ-ын эрдэмтэн В.Хайссиг, АНУ-ын эрдэмтэн Н.Поппе, БНХАУ-ын эрдэмтэн Э.Гэрэлт зэрэг дотоод гадаадын олон эрдэмтэд судалж эрдэм шинжилгээний бүтээлүүдээ хэвлүүлсэн байна.

Д.Данзанравжаагийн зохиол бүтээл өнөө цагт Англи, Герман, Орос, Хятад хэл дээр орчуулагдан хэвлэгдэж бусад орны уншигч судлаач нарын хүртээл болсон юм. Түүний яруу найргийн цоморлигийг Англи улсын эрдэмтэн Симон Викхэм Смит Англи хэлрүү, "Саранхөхөөний намтар" жүжгийг судлаач Педра Земаха Герман хэлэнд тус тус орчуулж хэвлүүлсэн байна. БНХАУ-д Д.Данзанравжаагийн зохиосон "Аврал гурван чухагт" хэмээх гүр дуу CD хэлбэрээр олон мянган хувь хэвлэгдэн Утай-Гүмбэн зэрэг газар орны сүм хийдүүдэд эгшиглэж байна.

Мөн түүний "Ичиг ичиг" шүлгэнд Сингапур улсын иргэн Роберт Кастеелс ая оруулан CD гаргаад байна. АНУ-ын сэтгүүлч Майкл Кон Д.Данзанравжаагийн амьдрал уран бүтээлийн талаар "Говийн лам" нэртэй ном хэвлүүлсэн байна.

2005 онд ЮНЕСКО-гийн 33-р чуулганы хуралдаанаас Монголын 19-р зууны үеийн соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн жанч халсны 150 жилийн ойг ЮНЕСКО-гийн "түүхэн тэмдэглэлт ойнууд"-ын хүрээнд өргөн цар хүрээтэй ёслон өнгөрүүлэх шийдвэр гаргасан юм.

Дээрх үйл явдалтай холбогдуулан ЮНЕСКО-гийн албан ёсны баримт бичигт тэмдэглэхдээ: "Дулдуйтын Данзанравжаа нь хөгжмөөс эхлээд уран барилга, гүн ухаанаас театрыг хамарсан олон талын авъяас чадвартай, Монголын хилийн чанадад ч сайн танигдсан Монголын соёл, сэтгэлгээнд гүн нөлөө үзүүлсэн Буддын сэтгэгч юм. Түүний бүтээлийн үлэмж хэсэг нь Монголын соёлын сэргэн мандалттай цуг дахин шинээр нээгдэж байна." хэмээн үнэлсэн байдаг.

Энэ шийдвэрийн дагуу Монгол улсын засгийн газраас Зохион байгуулах хороо байгуулагдан 2006 онд ЮНЕСКО-гийн тэтгэлгээр Д.Данзанравжаагийн яруу найргийн "Үлэмжийн чанар" бүрэн түүвэр хэвлүүлэх, "Саран хөхөөний намтар" жүжгийг Улсын драмын эрдмийн театрт дахин найруулан тавих, Д.Данзанравжаа судлалын эрдэм шинжилгээний хурал хийх зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.