Музейн цагийн хуваарь: өдөр бүр 09.00 - 18.00 цаг

Мэндчилгээ

XIX зууны үеийн Монголын их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д. Данзанравжаагийн өвийг танд энэхүү сайтаар дамжуулан хүргэж байгаадаа баяртай байна.

Учир нь 200 гаруй жилийн тэртээгээс уламжилсан өвийн зүйлс нь өнөөг хүртэл цогцоороо хадгалагдан ирэхдээ Манжийн үеийн болон Богд хаант Монгол улс, цаашилбал Бүгд Найрамдах Монгол Ард Улс эдүгээ Ардчилсан Монгол улс зэрэг олон төрийн нүүр үзэж дээдлэгдэж, шүтэгдэж, адлагдаж шатаагдаж, тэр бүү хэл газрын хөрсөнд он удаан жилээр хадгалагдаж цагийн шалгуур давж ирсэн түүх дурсгалын хосгүй нандин өв юм.

Үгээгүй ядуу хүний гэрт төрж, багаасаа өнчрөл хагацлын зовлонг үзсэн хэдий ч эрдэм мэдлэг, авъяас билгээрээ олонд хүндлэгдэн улмаар ноён хутагтын сэнтийд залагдаж, шашин соёлыг дэлгэрүүлэн ард олноо соён гэгээрүүлэх замаар үндэсний оюун санааны хөгжилд хувь нэмэр оруулсан түүний жанч халсны нь 150 жилийн ойг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг 2005 онд Дэлхийн соёл шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-ийн 33-р чуулганаас гаргаж байв. Энэ мэтчилэн Д. Данзанравжаа судлал дэлхий дахины анхааралд томоохон байр суурь эзлээд зогсохгүй Монгол улсын соёлын өв, түүх дурсгалын сан хөмрөгийг баяжуулсаар ирлээ.

Дазанравжаагийн байгуулсан сүм хийд, дуган болон музей соёл, зан үйлийн цогцолборыг үзэн сонирхох мөргөлчин гийчдийн тоо жилдээ 40-50 мянга хол давж, зөвхөн нутаг орныхоо төдийгүй улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байдаг юм. Их говийн хутагт Данзанравжаагйн суу билэг, адис жанлав оршсон их үйлс туурвил, энхэл донхол он цагийг даван туулж эдүгээ бидэнд ирсэн нандин шүтээн, цогц шим бүтээлүүдийг Эрхэм та бүхэндээ хүргэж буйдаа бид үргэлж баяртай байдаг.

Таалал орших болтугай.